Шинэчлэлт

Барааг авахдаа төлөх

2026 оны 8 сарын 4·2 мин уншина
Sanchir Enkhbold

Sanchir Enkhbold

Chief Executive Officer

Онлайн худалдаанд захиалга хамгийн ихээр тасалддаг цэг бол төлбөрийн хуудас. Хэрэглэгч сагсаа дүүргэж, хүргэлтийн хаягаа бичиж, тооцоо хийх алхам хүртэл ирчихээд яг тэндээ ухардаг. Шалтгаан нь ихэвчлэн үнэ ч биш, хүргэлтийн хугацаа ч биш. Тэр танай дэлгүүрийг хараахан мэдэхгүй байгаад л байгаа юм. Гартаа аваагүй бараанд урьдчилж мөнгө төлөх нь эрсдэлтэй санагддаг.

Монголд энэ мэдрэмж бүр ч тод. Олон жилийн турш нийгмийн сүлжээгээр явагдсан худалдаанд «бараагаа аваад төлдөг» зуршил тогтчихсон. Тиймээс урьдчилгаа шаарддаг онлайн дэлгүүр өрсөлдөгчидтэйгээ бус, хэрэглэгчийн олон жилийн зуршилтай тэмцэж байгаа хэрэг. Цаашид ингэж тэмцэх шаардлагагүй боллоо.

Юу өөрчлөгдөх вэ

Одоогийн захиалгын урсгал:

Захиалга үүсэх → төлбөр → бэлтгэх → хүргэлт → хүргэгдсэн

«Барааг авахдаа төлөх» сонголттой үед:

Захиалга үүсэх → бэлтгэх → хүргэлт → хүргэгдсэн → төлбөр

Зөвхөн нэг алхам байраа сольсон мэт харагдавч хэрэглэгчийн хувьд энэ бол огт өөр туршлага: эхлээд бараагаа хардаг, дараа нь мөнгөө өгдөг.

Танай ажлын урсгал бараг өөрчлөгдөхгүй. Захиалга ирнэ, та бэлтгэнэ, хүргэнэ. Ялгаа нь зөвхөн төлбөр хүлээхгүйгээр шууд хүргэлтэд гаргаж байгаад л байна.

Нэг чухал зүйл: ийм захиалга хугацаагаар автоматаар цуцлагдахгүй. Урьдчилгаатай захиалга тогтоосон хугацаанд төлөгдөөгүй бол цуцлагддаг бол энд хүлээх төлбөр байхгүй тул тэр дүрэм үйлчлэхгүй.

Хэрхэн асаах вэ

Тохиргоо → Захиалгын тохиргоо хэсгээс «Төлбөрөө барааг авсны дараа төлөх боломжтой эсэх» сонголтыг асаана. Ингэмэгц танай дэлгүүрийн төлбөрийн хуудсанд «Барааг авахдаа төлөх» гэсэн сонголт бусад аргуудын хажууд нэмэгдэж, аль хэлбэрээр төлөхөө хэрэглэгч өөрөө шийднэ.

Энэ нь урьдчилгаа авах боломжийг хаадаггүй. QPay, дансаар шилжүүлэх, StorePay зэрэг таны идэвхжүүлсэн бүх арга хэвийн ажиллана.

Хаалганд төлбөр хүлээн авах

Хамгийн түгээмэл асуулт: «Хүргэгч очлоо, хэрэглэгчид бэлэн мөнгө байхгүй, QR-аар төлье гэвэл яах вэ?»

Захиалгын дэлгэрэнгүй хуудсанд «Төлбөр хүлээн авах» товч байгаа. Хүргэгч хаалганд байхдаа энэ товчийг дараад хэрэглэгчийн хүссэн хэлбэрийг сонгоно:

  • Бэлэн мөнгө. Хүлээн авмагц захиалга төлөгдсөн, хүргэгдсэн төлөвт шилжиж хаагдана.

  • QPay. Дэлгэц дээр QR код гарах бөгөөд хэрэглэгч утсаараа уншуулж төлнө.

  • Дансаар шилжүүлэх. Дансны мэдээлэл харагдана. Гүйлгээ орсны дараа та гараар баталгаажуулна.

  • StorePay, PocketZero, LendDy. Хэрэглэгчийн утасны дугаарыг оруулахад нэхэмжлэх нь утас руу нь очно.

QR-аар төлсөн тохиолдолд төлбөр орсныг систем шууд мэдэрч, захиалгын төлөв өөрөө шинэчлэгддэг тул хүргэгч нэмж юу ч дарах шаардлагагүй. Хэрэглэгч бодлоо өөрчилж бэлнээр төлье гэвэл QR-аа хааж, «Бэлэн мөнгө» сонголтыг сонгоход л хангалттай.

Төлбөрөө өгөхгүй бол яах вэ

Хамгийн зөв асуулт. Хариулт нь энгийн: мөнгө шилжээгүй тул буцаах зүйл ч байхгүй.

Хэрэглэгч барааг аваагүй бол хүргэгч захиалгыг «Хүргэлт амжилтгүй» гэж тэмдэглэнэ. Захиалгыг цуцлахад бараа үлдэгдэлд автоматаар буцаж орно. Төлбөр буцаах, шимтгэл алдах зэрэг зардал огт гарахгүй.

Хяналтын самбарт «Авлага» гэсэн үзүүлэлт нэмэгдсэн. Хүргэгдсэн боловч төлбөр нь хараахан ороогүй байгаа захиалгуудын нийт дүнг харуулах тул хэдийг авах ёстойгоо нэг харцаар мэдэх боломжтой.

Түүнчлэн төлбөр нь баталгаажаагүй захиалга орлогод тооцогдохгүй. Борлуулалтын тайлан тань бодитоор орсон мөнгийг л харуулсаар байна.

Эхлэх

Тохиргоо → Захиалгын тохиргоо хэсэгт нэг товч дарахад л хангалттай. Нэмэлт төлбөр, тусдаа гэрээ шаардахгүй.

Итгэлцэл дутсанаас болж алдаж байсан захиалгуудаа буцааж аваарай.